Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Алаг-Эрдэнэ сум Хатгал тосгоны танилцуулга

2023-01-12

Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгоны үүсэл гарвал, хил хязгаар, газар нутаг, ястан угсаатан

Бидний овоглон хаягласан, оршин суугаа Алаг-Эрдэнэ сум Хатгал тосгон нь аймгийнхаа сумууд дотроос тэр ч бүү хэл  улсынхаа хэмжээнд ч хамгийн олон ястны уулзвар нутаг гэдгээрээ онцлог. Тэдний  үүсэл гарвалын нь талаар нэг бүрчлэн дурьдах нь одоо ба хойч үеийнхэндээ   түүх, нутаг усаараа бахархаж явахад тустай гэдэг үүднээс товчхон боловч өгүүлэхийг хичээлээ          

Алаг-Эрдэнэ сумын нутагт ардын хувьсгалаас өмнө Засагт хан аймгийн Ахай бэйсийн хошууны Наран отгийн  хотогойдууд, Эрдэнэ дүүрэгч вангийн хошууны өвөр ширхтэн буюу Хөвсгөл нуурын урианхайн өвөр баруун сум, Богд Жавзандамба  хутагтын дархад шавь 3 отгийн урьд тал, Эрдэнэ дүүрэгч вангийн хошууны ар ширхтэний урьд хагас, Бэлтэс, Хатгал, Хөхөө харуулын халхчууд гэсэн ястан овог, отгийн хүмүүс амьдарч байсан ба одоо ч үр удам нь үе залган нутагласаар байна. Монгол улсын тэр үеийн Засаг захиргааны хуваарь нь 1915 онд Хиагтын 3 улсын гэрээгээр шинэчилж зааглан тогтоосон 6 аймаг, 118 хошуу, Их шавиййн 56  отгоос бүрдэж байлаа.

               Хотогойдууд нь хэдийгээр Засагт хан аймгийн нэгэн хошуу хэмээгдэж байсан авч Засагт ханд захирагдахгүй харьцангуй бие даасан байдалтайгаар оршин тэргүүлэгчид нь Алтан хан хэмээн өргөмжлөгдөж байв. Тэд өөрсдийн ханлиг улсыг бий болгон төв Азийн улс төрийн амьдралд Засагт ханаас үл хамааран бие даан оролцож байв.

Энэ үед хүчирхэгжин нутаг хязгаар их тэлж, Хөвсгөл нуураас Увс нуур хүртэлх өргөн уудам нутгийг эзлэн оршиж байсан байдаг ба бүр Хөх нуур хүртэл тархаж, хожим нутагтаа үлдсэн Хотогойдуудыг 1686 оны Хүрэн бэлчирийн чуулганаар Дорж дай хунтайжийн удмын Гэндэн бэйлд захируулжээ. Ингэснээр Хотогойдууд хоёр хэсэг тасарсан бөгөөд нэлээд хэсэг нь Лувсан сайн тайжийн харъяанд байсан бол үлдэх хэсэг нь Гэндэн бэйлд захирагдах болсон нь манай хошууны хотогойдуудын өвөг дээдэс, удам болсон түүхтэй. Гэндэн Хотогойдын ноён суусан цагаасаа Манжийн төрд идэвхитэй зүтгэж байгаад 1694 онд Манжид дагаар ороход түүнд төрийн бэйл цол өргөн үе улируулан засаг өргөмжилжээ. Гэндэнг 1697 онд нас нөгчихөд түүний хүү Сүнчинсэнгэд захируулж байгаад түүнийг 1704 онд нас нөгчихөд хүүгүйн учир Гэндэнгийн үрчилсэн хүү Бүүвэй Хотогойдын ноён суусан байна. Түүний хойно 1730-1737 онуудад түүний ахмад хөвгүүн Банди, 1737-1757 онд Банди бэйлийн хүү Шадар ван Чингүнжав нар угсаа залган захирч байв.

Шадар ван Чингүнжав анхнаасаа Манжийн төрийн бодлогыг эрс эсэргүүцэн албыг хайш яайш хуумгайлж байсан бөгөөд үүнийхээ төлөө тэрээр зэрэг тушаал ч буурч байсан аж. 1750-иад оны эхэн үеэс Чингүнжав өвөр Монголын Сэвдэнбалжир, Ойрадын Амарсанаа нартай үгсэн нийлж Манжийн эсрэг зэвсэгт тэмцэл хийхээр товлосон авч Манж нар энэхүү оролдлогыг нь өөрсдийн туршуулуудаар дамжуулан  мэдсэний үндсэн дээр тэдний хүчийг нь салган Амарсанааг Ойрад тийш, Чингүнжавыг Халхад илгээн Сэвдэнбалжирыг барьж хорьсон байна. Ийм явдал гарсныг мэдсэн Чингүнжав Хотогойд голдуу цэргээ удирдан Манжийн эсрэг босох тэмцлээ эхэлсэн ажээ. Чингүнжавын тэмцлийг аялдан дагалдсан хэд хэдэн тэмцэл Халхад  гарсан хэдий ч нэгдсэн удирдлага зохион байгуулалт байгаагүй учир Манж нар тус тусад нь цохисон ажээ. Манжийн эсрэг хийх тэмцлийг манлайлсан Чингүнжав бусад босогчидтой хүчээ нэгтгэж чадаагүйн дээр Халхын олонх ноёд Манжийн талыг илэрхий баримтлан түүнд туслахгүй байсан зэргээс үүдэн аргагүйн эрхэнд хүчин мөхөсдөн 1757 оны эхээр Манж нарт баригдан гэр бүлийн хамт хороогдсон байна.

Түүнээс хойш Хотогойдууд нь Засагт хан аймагт таван хошуунд хуваагдан Хотогойд таван хошуу хэмээгдэн явсан нь: 1. Эрдэнэ дүүрэгч вангийн хошуу: 2. Цогтой вангийн хошуу: 3. Далай гүний хошуу: 4. Мэргэн гүний хошуу: 5. Ахай бэйлийн хошуу гэж хуваагдах агаад Ахай бэйлийн хошууг 1757 онд Эрдэнэдүүрэгч вангийн хошуунаас таслан Дорж дай хунтайжийн дэд хүү Гэндэн бэйлийн дэд хүү Тувагийн хүү Дашпунцагийн албат дээр тулгуурлан байгуулсан байна. 1911-1922 онд Засагт хан аймгийн Ахай бэйлийн хошуу гэж нэрлэгдэн явсан бөгөөд 1923 оноос Хантайшир уулын Наранжаргалант уулын хошуу нэрээр байгуулагдаж хожим Цэцэрлэг Мандал уулын аймагт шилжсэн. Тус хошуунаас Арбулаг, Мөрөн, Тосонцэнгэл, Их-Уул сум бүтнээр Түнэл, Алаг-Эрдэнэ сумын зарим баг нь байгуулагдсан бөгөөд  одоогийн  Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, мөн сумын уугуул 10, 11 дүгээр баг байгаад 1952 онд Түнэл сум байгуулагдахад тийш нь шилжүүлсэн Наран, Бумбат, Алтгана, Халуун усны   оршин суугч хотогойдууд энэ хошууны иргэд байсан бөгөөд энэ нь манай Алаг-Эрдэнэ сумын 4 ястны нэг хотогойдууд юм.

Халхууд–Монголын хил тогтоох Манж, Оросын хэлэлцээрийн хоёр дахь үе Халх, Оросын хил орчмын  Буур голын хөндийд 1727 оны 6 дугаар сард эхлээд мөн оны 8 дугаар сарын 25  нд гэрээ байгуулжээ. Буурын гэрээгээр Баргын нутаг дахь Эргүнэ голын  зүүн эргийн Авгайт уулнаас Тагнын урианхай нутгийн баруун хойд захын Саяаны нурууны Шавинайн даваа хүртэл Монголын хойд хилийг тогтоосон. Эхлээд Хиагт горхи дахь Монгол Орос хоёрын харуулын хоорондох газрыг хувааж зааглан овоо босгож /дундын овоо/ хэмээн нэрийдээд, түүнээс баруун, зүүн тийш хилийн шугам, овоо тэмдгүүдийг босгон байгуулах хоёр хэсгийг томилжээ.

Дундын овооноос баруун зүгийг хариуцсан хэсэг дундын овооноос Тагна урианхайн нутгийн баруун хойно орших баруун Саяаны нурууны Шавинайн даваа хүртэл Халх, Хөвсгөлийн Урианхай, Дархад, Тагнын Урианхайн нутгийн хойд захаар хилийн 24 хос овоо босгожээ. Энэ тухай андалдах бичгийг 1727 оны 10 дугаар сарын 27 ны өдөр Шавинайн даваан дээр солилцож, уг газруудад харуулууд суулган хамгаалуулах болсон нь ХҮII зууны дунд үеэс Монголын нутгийн баруун хойд, хойд талаас хүчтэй хийгдэж байсан Оросын газар нутгийн түрэмгийллийг зогсооход чухал ач холбогдолтой явдал болсон ба59 гэр харуул байгуулсан байна.

Эдгээрээс Баргын нутаг дахь Зүртэйд харуулаас Халхын засагт хан аймгийн Архан буурал хүртэлх 48 харуулын шугамд ойр, Оросын хилийн харуулын тосгодтой харалдаа байрлан хил хамгаалж байсан бол Арханбуурлаас баруун тийш мөн аймгийн Баянбулаг хүртэлх гэр харуулынхан харуулын нутгаасаа хол орших газар өөрөөр хэлбэл  Хөвсгөлийн урдуур байрласан харуулын нутгаас нуурын хойд талаар босгосон улсын хилийн овоод дээр очиж алба үүргээ гүйцэтгэдэг хүнд нөхцөлтэй тул гурван жилд нэг удаа эв модны наадам хийдэг байжээ. Хөвсгөл нуурын баруун урд этгээдийн Уйлган харуулынхан Уйлган голын эхэнд, Хатгал боом харуулынхан Ханхын хойд хил дээр,  Бэлтэс харуулынхан  Монгол Шарын даваан дээр тус тус Оросын харуултай эв модны наадам хийдэг байсны Бэлтэс, Хатгал харуулынханы удам нь манай Алаг-Эрдэнийн халхчууд юм.

“Дархад”-ын ноён Гэлэг 1686 оны Хүрэн бэлчирийн чуулганаар Шарын шашны тэргүүн анхдугаар Богд өндөр гэгээн Занабазарт харъяат ардаа шавь болгон өргөн барьсан нь тэр үед идэвхижиж байсан Оросын газар нутгийн түрэмгийлэлд өртөхөөс болгоомжилсон болов уу гэж үздэг. Тиймээс ч  Богд шавь нараа Хараа, Ерөө хавьд ойртуулан суулгасан байсан ч Буурын гэрээнээс өмнө 1720 оод онд унаган нутагтаа буцан нүүж ирж суурьшсан бөгөөд Дархадын нутгийн хойд зах нь Эрхэг, Дархаг тайга хүрч байсан бөгөөд өмнө тал нь Бэлтэс, Хөвсгөл нуурын баруун хойд эрэг, Хатгал хүрдэг байв. 1727 оны Буурын гэрээгээр Манжууд Дархад, Урианхайн нутгийн хойгуур хил тогтоож, урьдуур нь гэр харуулууд суулгасан ба харуулаас хил залгасан дархадууд нь манай сумын Ужиг, Даахь, Харгана, Хатгалаар голдуу амьдардаг Дархад зоны удам юм.

Урианхай нь хэл, соёл, угсаа гарал нэгтэй Монголын олон ястны нэг болохын дээр гарал үүслийн хувьд Монгол угсаатан дотроосоо одоогийн нэрээрээ тэмдэглэгдэж ирсэн хамгийн эртний гарал үүслийн түүхтэй угсаатан юм. Урианхай угсаатны түүхийг Хүннү гүрний дараах үе, Сүмбэ (Сяньби) улсын үеэс эхлэлтэй гэж үздэг. Урианхай нь 7 дугаар зууны үеэс анхны Монгол аймгийг Хиад, Дарлиган аймгуудын хамтаар үүсгэн байгуулсан гэж үздэг бөгөөд энэ талаар Эргүнэ Хүний домогт өгүүлсэн байдаг. XIII зуунд буюу Их Эзэн Чингис хааны үед Урианхай аймгаас Зэлмэ, Сүбэдэй зэрэг олон баатарлаг жанжин төрөн гарч байсан тухай Монголын нууц товчоонд өгүүлсэн байдаг. Чингис хааны есөн өрлөг жанжины нэг Зэлмэ нь Чингис хааны амийг гурвантаа аварч, цэргийн их жанжин Сүбэдэй нь Чингис хааны байлдан дагуулалтад онцгой үүрэг гүйцэтгэж байжээ. Олон зуун жилийн нүүдэл  суудлын явцад Урианхай аймаг нь нутагшин суурьшсан газар усныхаа нэрээр Хэнтийн Урианхай, Хөвсгөлийн Урианхай, Алтайн Урианхай хэмээн нэрлэгдэж иржээ. Одоогоор Хөвсгөлд 4000 аад Урианхай ястан амьдарч байгаа бөгөөд тэднийг  дотор нь 5 хуваадаг. Үүнд Хасууд Урианхай буюу Ханхын урианхай  Зоот урианхай, Жөгд  урианхай, Цаатан буюу Тува урианхайчууд, Соёд урианхай буюу Ариг ,Үүрийн голын болон Эгийн голын зүүн талын Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Алаг-Эрдэнэ, Түнэлийн урианхайчууд бөгөөд өвөр ширхтэн гэж нэрлэдэг нь манай сумын Яргис, Цагаанбургас багийнхан зонхилдог. 1779 онд Урианхайн гүн Найданжавын хошуу /одоогийн Алаг-Эдэнэ сумын 4 дүгээр багийн нутаг/-ны Цагаан бургасны аманд 200 гаруй лам хуврагтай, Цогчин, Чойр, Мамба, Ламрим, Майдар, Жүд дацантай урианхайн нутгийн хамгийн том хүрээ байгуулагдаж, Чин улсын эзэн хаанаас “Пунцагдаржаалин” нэр олгож, хожим нь Олноо өргөгдсөний анхдугаар онд VIII Богд Жибзундамба хутагтаас Монгол орны сүм хийдүүдэд шинээр нэр шагнахад  “ Дашпунцаглин” хэмээх нэр хайрласан байдаг. 1930 аад онд Цагаанбургасны хүрээг түшиглэн манай суманд анхны “Урчуудын артель” байгуулсан байдаг бөгөөд 1937-1938 оны их хэлмэгдүүлэлтээр шатаагдан сүйрсэн билээ.

Алаг-Эрдэнэ сум

 Дээрх 4 ястан он удаан жил олонхи болон суурин нутагшиж ирсэн ч Ардчилсан шинэ үндсэн хуулийн ” улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй” гэсэн заалтын үр дүнд хүний орчих зорчих эрх чөлөөтэй болж,  дотоод гадаад ертөнцөд даяаршсан энэ зуунд бусад ястан үндэстнүүд ч бас нэгэн бүл болон амьдарч байгаа билээ.

Засаг захиргааны шинэ зохион байгуулалтад орж одоогийн сум болсон түүхээс цухасхан дурьдахад: Ардын хувьсгал ялсанаас хойш Монгол улсад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хувьд хэд хэдэн томоохон өөрчлөлт хийсний анхных нь 1922 оноос эхэлж, Ардын засгийн газраас 1923  онд “Монгол улсын нутгийн захиргааны дүрэм” зэрэг дүрмүүдийг батлан гаргаж, засаг захиргааны нэгжийн өмнөх хан ван зэрэг цол хэргэмийн нэрийг халж, уул усны нэрээр нэрлэх тухай тогтоол гаргаж мөрдүүлэхээр болжээ. Үүний дагуу Засагт хан аймгийг Хантайшир уулын аймаг, Сайн ноён хан аймгийг Цэцэрлэг мандал уулын аймаг хэмээн нэрлэж эхлэхэд Дэлгэр их уулын хошууны Хатгал, Хөх толгойн /Хөхөө/ харуулын дунд байрласан Аглаг сумыг 2 хувааж 1926 онд Алаг-Уул сум нэртэйгээр одоогийн Алаг-Эрдэнэ сумыг байгуулсан байна. Алаг-Уул сумын ардын төлөөлөгчийн  анхдугаар хурлын тогтоолд: “Хатгал суурины өрх, хүн ам нэмэгдсэн, Хатгал боомт гэж эрт дээр үеэс орос, хятад олон хэлийн хүмүүс хэрэн хэсч явсан чухал боомт газар тул Аглаг сумыг 2 сум болгож, Алаг-Уул сумыг Хатгал боомтын орчимд Алаг-Уулын өвөрт төвлөрүүлэн байгуулахаар хошууны ардын төлөөлөгчдийн 3 дугаар хурлын шийдвэрийн учрыг илтгээд, шинэ сум байгуулах 3 багийн 15 төлөөлөгч хуралд ирэхээс 14 төлөөлөгч ирсэн учир хурлыг удирдахад Аглаг сумын дарга Төмөрбаатар, нарийн бичгийн даргад Дагва нарыг, Алаг-Уул сумын даргад Эдүүгээгийн Дагвыг, нарийн бичгийн даргад Аюушийн Цэдэндамбааг сонгож, зохих газар уламжлан мэдүүлж батлуулахаар хэлэлцэн тогтов” гэжээ. 1926 оны 6 дугаар сарын 2- ны өдөр байгуулагдсан Алаг-Уул сумын хүн амын дансанд өрх 150, хавсарсан өрх 5, лам банди нар100, 45- аас дээш насны хөгшин хар хүн 38, 14-45 насны идэр хар хүн 60, 1-17 насны хөвгүүд 125, эмс охид 368, бүгд 681 хүн амтай байжээ.

1923 онд байгуулсан таван аймаг нь өргөн уудам нутаг дэвсгэртэй, ихэнх хошууд нь аймгийн төвөөсөө алслагдсан тул аймгаасаа хошуудыг шуурхай удирдах, харилцахад бэрхшээлтэй байсан тул Улсын VI Их Хурлаас Орон нутгийн засаг захиргааны бүтэц, зохион байгуулалтанд томоохон шинэчлэлт хийж, аймгуудыг олшруулан хошуудыг татан буулгаж, сумдыг цөөлөх тухай илтгэлд  онцолсоны дагуу 1931 оны 1 дүгээр сард хуралдсан улсын 16 дугаар бага хурлаар 5 аймгийг 13 аймаг  болгон өөрчлөхөд Хөвсгөл аймгийг байгуулж, төвийг нь Хоолой буюу Хатгал боомтод байршуулж, Алаг-Уул сумыг 1931 оны 4 дүгээр сараас Алаг-Эрдэнэ нэртэй болгон өөрчлөн зохион байгуулж, Эрдэнийн Алаг-Уулаас Элст Манханы ширээ цагаан дэнж Эгийн голын хөвөөнд төвхнөн хөгжиж  эдүгээ цаг үетэй золгож 96 дахь жилийг үдээд байна. Одоо Алаг-Эрдэнэ сум нь 3329 хүн амтай /Хатгал тосгонтойгоо нийлээд 7067 буюу аймагтаа хамгийн олон хүн амтай/, 242990 толгой малтай /Хатгал тосгонтойгоо нийлээд 329047малтай, үхэр сүргийнхээ тоогоор аймагтаа хамгийн олон үхэртэй/ мөн сум, тосгоныхоо нутаг дэвсгэрт улсдаа хамгийн олон жуулчны бааз, амралтын газартай нь сумын бас нэгэн бахархал болдог.

                                           Хатгал тосгон

Хөвсгөл нуурын баруун эрэг Хоолой буюу Хатгал боомт нь 1727 онд сууриа тавьсан гэж тэмдэглэгддэг ба энэ нь Манж Оросын хил тогтоох Буурын гэрээ байгуулсантай цаг хугацааны хувьд давхцаж байгаа нь хилийн овоодыг Хөвсгөл нуурын хойгуур босгож, хилийн гэр харуулуудыг Хөвсгөл нуурын өмнүүр байгуулсаны нэг нь Хоолойн буюу Хатгал харуул байсантай холбоотой суурин шивээ, тосгон үүссэнээр тооцож ирсэн нь ажиглагддаг. Гэсэн хэдий ч 1686 оны Хүрэн бэлчирийн чуулганаар Гэлэг ноён албат иргэдээ анхдугаар богдод шавь болгож өргөн барьсанаар дархадууд Хараа, Ерөөгийн сав газар очиж гучаад жил нутаглаад буцаж ирэхэд нь уугуул нутаг болох Хатгал болон сав газраар Оросын шивээ тосгод олноор байгуулагдсан байсан тухай түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Тэд буцан нүүж ирсэнээр Оросуудыг хэсэг хугацаанд түрж гаргасан байдаг. Оросуудын энэ түрэлт нь 1689 оны Манж, Оросын Нерчүүгийн найрамдлын гэрээгээр хойд хил эзэнгүйдэж, эсэргүүцэх хүчин байхгүй болсонтой холбоотой болов уу? Хатгал нь хүн ам олонтой, гадаад дотоодын худалдаа, аялал зэрэг олон хөлийн түшиц газар байсан тул Ардын хувьсгал ялсаны дараа 1921 оны 12 дугаар сард “Хөвсгөлийн хязгаарын хэрэг эрхлэх ардын түр яам” гэдэг орон нутгийн  засаг захиргааны анхны нэгж байгуулж байсан бол мөн оны намар Зөвлөлтийн улаан цэргийн эмч Александр Павлович Горяев орчин үеийн эмнэлгийн анхны тусламжийг нутгийн ардуудад үзүүлж эхэлсэн ба 1922 оноос орос эмч нараар удирдуулсан 15 ортой эмнэлгийн салбар байгуулж Чулуут, Хатгал суурин ойр хавийн ардуудад үйлчилж эхэлсэн бөгөөд 1922 ондоо Чулуут сууринд Зөвлөлтийн тусламжаар соёл гэгээрэл, худалдаа эдийн засаг, тээвэр, харилцаа холбооны байгууллагууд үүссэний дотор 180 гишүүн, 1000 лан мөнгөний үндсэн хөрөнгөтэй харилцан туслалцах хоршооны салбар байгуулагдсан нь энэ хязгаар нутагт үндэсний худалдаа хөгжих эхлэл тавигдаж гаднын мөнгө хүүлэгчдийг шахан зайлуулах чухал алхам болсон байна. 1923 оны 11 дүгээр сарын 9-нд 1 багш, 25 сурагчтай бага сургууль нээгдэж, 1924 онд Хатгалд Монголын гаалийн хороо, “Сибгосторг” нэртэй зөвлөлтийн худалдааны байгууллагын салбар байгуулагдаж, 1927 оноос Зөвлөлт, Монголын хувь нийлүүлсэн “Стормонг” худалдааны контор, “Сибгосторг” салбар дээр түшиглэн байгуулагджээ. 1928 онд Дэлгэр их уулын хошууг Хөвсгөл далай Бүрэнхан уулын хошуутай нэгтгэж Хөвсгөл далай Дэлгэрхан уулын хошуу болгон өргөтгөж Хатгалд төвлөрүүлсэнээр хошууны төв болж, 3 жилийн дараа аймгийн төв болсон нь тухайн үедээ стратегийн чухал байрлалтай харьцангуй хөгжилтэй түшиц газар байсан нь тодорхой мэдэгддэг. Өмнө нь Ардын хувьсгалаас өмнө Улиастай хүртэл татагдсан байсан утсан холбооны сууринд түшиглэн 1929 онд телефон утасны салбар бий болж, Мөрөн, Тариат, Цэцэрлэгээр дамжин Улаанбаатартай шууд холбоо барьж эхэлжээ. 1933 онд ЗХУ-ын тусламжаар Ноосны үйлдвэр байгуулагдаж аж үйлдвэрийн анхны шав тавигдсан ба 1935 онд Мал эмнэлгийн салбар хэд хэдэн эмч, ажилтантай байгуулагдаж Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр зэрэг ойролцоох сумдын малыг эрүүлжүүлж эхэлсэн байна.

1931 оны Улсын 16 дугаар бага хурлаар “БНМАУ-ын дэвсгэр газрыг шинэчлэн ангилж хуваах тухай хууль” –ийн нэгдүгээр зүйлд ...нэгдсэн захиргааны ба эдийн засгийн шинэ 13 аймгийг байгуулсугай гээд дугаарлаж 5-д Хөвсгөлийн аймаг. Аймгийн төв нь Хатгалд гэж заасан байх ба хамрагдах өмнө нь энэхүү нутаг дэвсгэрийн хил хязгаар дотор байсан 104 сумыг 25 болгон цөөлөн томруулж, 16420 өрх, 71691 хүн амтайгаар байгуулж 1933 он хүртэл аймгийн төв байсан  Хөвсгөл аймгийн анхны төв гэдгээрээ бахархалтай.

Дараа нь БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1955 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 24 дүгээр зарлигаар “Хөвсгөл аймагт 4 хоринтой шинэ хороо нэгийг Хатгалд төвлөрүүлэн байгуулсугай” гэсэн шийдвэр гарсанаар Хатгал хороо захиргааны статустай үйл ажиллагаа явуулж байгаад Хатгалд төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний бүх байгууллагуудаас гадна өмнө байсан Ноосны үйлдвэр, Усан зам, Дамжлага бараа бааз, Нефть бааз шинээр Шатахуун тээврийн 24 дүгээр бааз, Модны үйлдвэр, Ахуйн үйлчилгээний газар, Цэргийн анги зэрэг томоохон үйлдвэр үйлчилгээний газрууд байгуулагдаж, хүн амын тоо эрс өссөн тул БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1975 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн  73 дугаар зарлигаар Хатгал хороог 6000 гаруй хүн амтай, Орон нутгийн чанартай хот болгон өргөжүүлсэн. 1992 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Монгол Улсын Их Хурлын 24 дүгээр тогтоолоор Хөвсгөл аймгийн Хатгал хотыг Алаг-Эрдэнэ суманд харьяалуулсан бөгөөд 1994 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн Монгол Улсын Их Хурлын “Зарим хот, хороодыг сумдад нэгтгэх тухай” 36 дугаар тогтоолоор Хөвсгөл аймгийн Хатгал хотыг мөн аймгийн Алаг-Эрдэнэ суманд харьяалуулан тосгон болгосон нь одоо хүртэл мөрдөгдөж байна.  Хатгал тосгон нь одоо буюу 2022 оны эхээр 3738 хүн амтай, 86057 толгой малтай, аялал жуулчлалын тулгуур төв болдог, дэлхийн хамгийн цэнгэг уст Монголын хөх сувд болсон Хөвсгөл нуурынхаа усаар нь ундаалж, хөвөөнд нь оршдог ховорхон хувь заяатай зон олонтой нутаг билээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%